«Эсмералда» монголын бүжгийн хүрээлэнгийн тайзнаа

РИНЧЕН доктор “Үнэн" сонин 1967 он, 141

Францын нэрт зохиолч Виктор Хюгогийн 1831 онд «Парисын Эх дагинын сүм» түүхэн роман бичсэнээс хойш энэ завсар маш олон хэлнээ орчуулжээ. Зарим хэлэнд хэд хэдэн удаа орчуулсан ч бий. Бас орчуулж завдаагүй улс, гол нь Аэи Африкт нилээд бий. Тэдгээр улсын уншигч нь мэддэг нэгэн гадаадын хэлээр амтархан уншсаар иржээ.Манай монгол уншигч, энэ зууны эхэн хагасаас ямарнэгэн гадаадын хэлээр Хюгогийн зохиолыг үзсээр ирсэн бөгөөд, уг «Парисын Эх дагинын сүм» романыг саяхнаас тааруухан орчуулгаар унших гадарлах болжээ.Францын нэрт түүхэн роман «Парисын Эх дагинын сүм»-ээр манай залуу бүжигчин хамт олны бүтээсэн «Эсмералда» бүжгэн жүжгийг монголын бүжгийн хүрээлэнгийн тайзнаа тоглох болсон нь нэгэн шинэ тэмдэглэлтэй зүйл боллоо. Кинонд манай эринд «Парисын Эх дагинын сүм»-ийг бууж орсныг манай уншигчдын нэг хэсэг нь үзсэн байх. Ингэхэд, кино бий болохоос бүр өмнө 1848 онд бүжгийн аргаар эл нэрт романыг үзэгч олонд сонирхуулсан бас зуу гаруй жилийн түүх уламжлалтай байна.
Тэр бүжиг болгосон зүйлд хөгжмийн зохиолч Пунь уг романы машид гунилт явдлыг хөгжмийн аяар буулгаж, «Парисын Эх дагинын сүм» зохиолд гардаг гол баатар Эсмералда охины нэрээр нь «Эсмералда» гэж нэрлэжээ. Бүжгэн жүжигт хөгжим, бүжиг хоёр хосолж, тайзны засал, бүжигчийн хувцас, бүжгийн хөдөлгөөнөөс өөр, үг дуу ордоггүй учир бүжгийн аргаар романыг үзүүлэхэд, сэтгэлийн хөдөгөөнийг голлон үзүүлж, бусад үгээр буюу гэрэл зургаар үзүүлж болох зүйлийг бүжгээр үзүүлж болохгүй тул бүжигт юу гарахы нь нэг товчлол зохиол хийж, үзэгдэл бүрийн санааг тайзны засал, бүжиглэлээр үзүүлэх тул нэг хоёр цагийн бүжгийн богино хугацааны дотор романыг үсэгчлэн багтааж болдоггүй нэг учир байдаг байна. Тиймийн тул роман зохиолтой яг адил байх ёстой гэж киног ч, бүжгийг ч номын доторхийг ширхэгчлэн үзүүлэх ёстой гэж шаардах учир байдаггүй. Кино үзэгч нь, номд гарсан баатруудын дүрийг, тэдний зан ариншин, сэтгэл санаагий нь яаж жүжигчид үзүүлэв? гэдэгт гол анхаарлаа тавьдаг. Бүжгий нь үзэхдээ мөн романаас санаа авч, бүжин хөдлөх бөгөөд хөгжимтэй хослох тоглолоор яаж уншигчийн таних болсон дүрийг үзүүлэн бүтээж байна гэдгийг сонирхдог байна. Үүнд: 1848 оноос олон улсын бүжгийн хүрээлэнгий тайзнаа хэд хэдэн үеийн нэрт бүжигчид Хюгогийн зохиолд гарч байгаагүй түмэн хүний сэтгэл хөцөлгөсөн хөөрхийлэлт охин Эсмералда, түүнд чин зүрхнээсээ сэтгэлтэй болсон бөгөөд гаднах байдал нь хүн үзэшгүй дутуу тахир, эрэмдэг зэрэмдэг мөртөө сүү шиг сайхан сэтгэлтэй Квазимодо, Парисын Эх дагинын сүмийн их унзад багш Фролло Клод, наанаа номч багшийн дүртэй, цаанаа хүн алдаг, худал хэлж хов хөөцөлддөг, хилс бузрын эзэн хамаг муу муухайгаа санваартан лам багшийн хувцсаар халхалсан нэгэн харгис, Фебүс гэдэг Наран тэнгэрийн нэртэй, гаднаасаа гоё ганган сайхан эрийн байдалтай мөртөө цаанаа завхай, хүний үнэргүй муу амьтан байсныг жүжигчин хүн тэр байдлы нь дүрслэн үзүүлсээр ирсэн билээ. Сайн бүжигчин хэрхэн хосгүй сайхан дүрийг бүжин бүтээснийг шагшин магтаж бичсэн өгүүлэл, ном зохиол, Европын олон улсын урлагийн судлал, дурдатгалын утга зохиол, сонин, сэтгүүлд энэ зуу гаруй жилийн дотор өдий төдий бий болжээ. Үүнд: Одоо Азийн улс түмэн дотроос манай монголын ард түмний авъяастан залуу бүжигчид Европын эл алдарт сонгодог бүжгийг монгол бүжгийн хүрээлэнгийн тайзанд саяхан анх удаа тоглон үзүүлснийг бахархан тэмдэглэлтэй байна. Зөвлөлт улсын бүжгийн сургуулийн уламжлалтай манай залуу бүжигч хамт олон маань энэ сонгодог жүжгийг тоглосноороо аль ч улсын бүжгийн хамт олны дунд улс ардынхаа урлагийн нэрий нэрлүүлж чадах болсон авъяас, эрдэм төгөлдөр сайхан хамт олон болсноо үзүүллээ гэж бахархалтай байна.
Бүжигчин Цэрмаа, ард олонд хайртай, үзэсгэлэн гоо бөгөөд сэвгүй сайхан сэтгэлтэй учраас муу муухай, харгис зальтайн ов живийг танилгүй түмэн зовлон амсаж, эцэс сүүлдээ харгис зальхай унзад Фроллын тачаангуйн сэтгэлийг дагасангүйн учир амь үрэгдсэн Эсмералдын дүрийг орчин үеийн бүжгийн хөдөлгөөнөөр үзүүлж учралтай сайхан дүр бүтээсэн нь, дэлхийн бүжгийн хүрээлэнгийн тайзнаа бас нэгэн Эсмералдын дүр нэмэн баяжуулжээ. Түүний, эх Гүдүлийн гунилтай дүрийг бүжигчин Шаравдорж бас чадамгай дүрслэн үзүүллээ. Унзад лам Фроллын дүрээр Хюго католик шашны бурангуйгий нь үзүүлснийг бүжигчин Сэвжид бүжиж, ийм муухай дотортой амьтан байдаг юм байна гэдгий нь мөн аятайхан харуулжээ. Вангийн шадар цэргийн дарга Фебүсийг бүжигчин Баатар маш чадамгай үэүүлж, зохиолчийн бодож бичсэн тэр хүний дүр чанарыг бүжгийн хөдөлгөөнөөр таатайхан үзүүлсэн нь, үзэгчдийн анхаарал татлаа. Үзэшгүй муухай биетэй, гайхалтай сайхан сэтгэлтэй хөөрхий Квазимодыг жүжигчинБатчулуун бас сайхан дүрслэн бүжжээ. Фебүстэй гэрлэх болсон Флерде Лис эмэгтэйг бүжигчин Дашдулам, бүжигчин Ганбаатар Актеоны ролийг тоглохдоо, бүжгийн чадал авъяасыг гялалзуулан үзүүлж, Актеонтой бүждэг Дианыг бүжигчин Туул үнэхээр бахдалтай сайхнаар дүрсэлж, бүжгийн уран хөдөлгөөн, орь залуу гоо үзэсгэлэнгийн цогоор тайзыг гийгүүлжээ. Бүжигчин Энхтуяа Флер де Лисийн найзыг бүжин үзүүлсэн нь бас тэмдэглэлтэй сайхан бөгөөд авъяас, сургууль хосолсон бүжигчний маань нэг нь юм байна гэдгээ үзэгч олондоо баясгуулан харуулжээ. Цигаануудын дундаас тэдний тэргүүн болсон Хуниади, Клопен, Гийом болж бүжсэн Пүрэвжав, Цэдэмдамба, Батсуурь нар бас үзэгчийн сонирхмоор сонин дүр бүжин бүтээжээ. Эмэгтэй цигаан болж бүжигсдээс Навч, Мандхай, Оюундэлгэр нар гурван тун хөөрхөн цигаан хүүхний дүрийг бүтээн чаджээ. Ер нь энэ бүжигт ард түмэн, жирийн олон гуйлгачин, цэрэг гэх зэргийн нэргүй дүр болж гарагсад ч гэсэн чадалтай сайхан тоглож, бүжгийн сайханд хүн бүр хувь нэмрээ оруулсан нь нийтдээ манай эл залуу бүжигчин хамт олон бол, тун ч сайхан авъяастай, ахин өссөөр байгаа дэлгэрэн өрнөж байгаа хамт олон юм байна гэж эл эалуу хамт олны бүжэглэхийг үзсэн хэн ч баярлан бахархана. Монголын бүжгийн түүхэнд эдгээр бүжигчний бүтээсэн дүр нь тэмдэглээстэй байх учиртай юм.
Эл бүжигт бүжгийн сургуулийн хүүхэд оролцсон нь таатай сайхан санагдаж байна. Хойшид бүжгийн сургуулийн сурагчдыг энэ мэтээр тоглолтод оруулан, бүжих авъяас дасгалд нь туслалцаж байх нь зүйтэй юм. Энэ сайхан бүжгийг аль чулсын бүжгийн тайзанд гардгаас огт дутуугүй гаргасан манай бүжигчдийн тоглолт нь нэг хоёр цагийн тоглолт боловч, цаана нь бүжгийн сургууль хийсэн хэдэн жилийн шургуу хичээл, түүний цаана нь тухайн бүжиг гаргах гэж хэдэн сар маш их ажил хийж сургуулилсан байдал илэрхий харагдаж байна. Эл хичээл хөдөлмөрий нь хүндэтгэн дурдаж, үзэгч олныхоо нүдний хужир болсон эл авъяастан залуу хамт олны ажил хөдөлмөр, ахуй нөхцөлд нь театраас эхлэн цаашлаад Соёлын Яамнаас халамж сэтгэлээ тавин, авъяастан эдгээр залуусаа зүйл зүйлээр дэмжиж байгаасай.
Гэвч эл бүжгийн чимгийгболовсруулсан залуу зураач Сүхбаатар зарим зүйлд тэр үед, тэр улсад байгаагүй юм хийж, уг жүжгийн түүхэн үеийг харуулсан нь XV зууны байдалд XI зууны бөгөөд Франц, Парист огт хамаагүй эүйлийг үзүүлсэн инээдэмтэй зүйл бийг цухас дурдаж, хойшид мэдцээ ахиулах, мөн мэддэг мэргэжилтний үг зөвлөлгөөг анхааран авах зүйл байгааг тайзны заслын хувьд хэлмээр байна. Хувцас хунарын байдал өнгө нь бас тухай тухайн үед таарсан байхыг бодууштай бөгөөд хорьдугаар зууны үеийн манай хотын гар үйлдвэрийн гутлыг XV зууны Парист өмсч байсан гэхэд хэцүү хэрэг. Гуйлгачингууд гоё торгон хувцастай гэхэд бас хайшаа ч юм бэ? гэх зэргийн олон асуудал үзэгчийн сэтгэлд төрж байгааг зураач, чимэглэлч бодмоор байна. Үүнд аятайхан болсон зүйл бий боловч, эрдэм мэдцээ зузаан болгохыг үргэлж мэрийх зүйл бийг дурдалтай.

Бүжгийн хөгжим мөн сайхан болж, энэ бүжгийг гаргахад найруулсан Жамъяндагва, Хабаева нарын уран саналгын зүйл, сургуулилсан хүч хөдөлмөр үлэмжхэн оролцож, манай бүжиг дэглэн найруулагч нар, дэлхийн сонгодог бүжгийг найруулах чадалтай, бүжигчин нь авъяас, сургууль төгөлдөр болсон нь бахархалтай бөгөөд энэ бүжигт үлэмжхэн хүч чармайлт гаргаж,амжилтад нь хувь нэмрээ оруулсан зөвлөлтийн гавъяат жүжигчин Ясинская, Мазманова, төгөлдер хуурч Чаклин, зэрэг олон нөхдийн зүтгэл нь, сайхан бүжиг манай тайзанд бнй болгоход найртай ах дүү улсын мэргэжилтэн нар монгол бүжигчинтэй халуун санаа, нэгэн сзтгэлээр зүтгэж сонин сайхан шинэ бүжгээр үзэгч биднийг баясгаж, бүжигчин,хөгжимчин, зураач нар бүгдээрээ бүтээлчээр ажиллаж, монгол бүжгийг хөгжүүлж байгаа нь үзэгч бидэнд сайхан байна.Энэ «Парисын Эх дагинын сүм» зохиолын сэдвээр бүтсэн нэрт бүжиг манай олон үзэгчдийн бахархан үздэг нэг сайхан жүжгийн нэг нь болж чадсан байна.