
Улсын нэр томъеоны комисс байдаг юм шүү
Улсын нэр томьёоны комиссын гишүүн, хэлний шинжлэлийн ухааны доктор РИНЧЕН
“Соёл утга зохиол” 1958. 5. 27. №22”
Сая “Хөгжмийн нэр томьёо” гэсэн өгүүлэл, “Соёл, утга зохиол” сонинд хөгжмийн зохиолч Дамдинсүрэн бичжээ. Тэхдээ, хөгжмийн нэр томьёог ганц Бадраагийн хувийн зохиол гэж үзэж, хөгжмийн зохиолчдын хороо тэр нэр томьёог түмэн түүхий учир дахин хянан боловсруулж засвал зохино гэсэн санал тавьжээ.
Гэтэл, Монгол Ард улсын засгийн газраас тусгайлан Жагварал даргатай улсын нэр томьёоны комиссын бүрэлдэхүүнийг батлан тогтоож, нийтээр тэр комиссын тогтоолыг дагаж хэрэглэвэл зохино гэснийг засгийн газрын тогтоол биелүүлэх хэн хүн, ямар нэг байгууллага тэгж дур мэдэн өөрчилдөг нь ямар вэ гэдгийг бодууштай. “Дэлхийн хөгжмийн соёлт улс бүхэн хэвээр нь хэрэглэж байгаа нэр томьёо” гэдэгтэй н. Дамдинсүрэн труба, скрипка, орган, гобой гэх зэргийг дурджээ. Гэтэл, “труба” гэж дэлхийн нийтийн хэл биш, голдоо нүхтэй, хөндий юмыг нэрлэдэг орос үг бөгөөд, 1-д зуухны янданг, 2-т борооны дусаалын гоожуурыг, 3-т байшинд ус оруулдаг хоолойг, 4-т дуран авайг, 5-д агаарын хүчний хоолой, 6-д гүүр шуудууны хонгилыг, 7-д хүний биед байдаг хоёр зүйлийн эрхтнийг, 8-д бүрээг, 9-д бадралт баг бишгүүрийн бишгүүрийг орос хэлэнд тэр нэг үгээр хэлдэг бөгөөд, ганц франц хэлэнд түүнийг 15-16 үгээр орчуулдаг, монголоор арван хэдэн үгээр орчуулдаг үгийг дэлхийн нэг улсын “дэлхий нийтийн үг” гэж үзжээ. Скрипка гэж скрип гэсэн хяхнах хэмээх орос үгнээс гарсан үгийг бусад улс өөр өөрөөр орчуулдаг юм. Орган гэдэг орос үг германд оргель, францад оргю, чехэд варханы, хятад, солонгос, араб, монгол цөм тус тус нэртэй юм.
Бээжинд ноднин гарсан монгол хятад зэрэг таван хэлний тольд байдаг бялрыг европын хэлэнд кларнет гэж орчуулдаг атал, европоос кларнетыг монгол болгоход кларнет болно гэхэд арай тусгүй болов уу. Оросоор гобой гэдгийг франц обуа, польш обуй, хятад, вьетнам, солонгос, энэтхэг, монгол, бүх азийн улс цөм өөр өөрийн хэлээр нэрлэдэг байна. Францаар бичихдээ, hautbois гэж бичдэг нь, Францын haut гэсэн нь нарийн дуутай, bois гэсэн нь мод гэсэн үг, 16 дугаар зууны үед франц нар, жимбүүрийг “нарийн дуутай мод” гэж нэрлэснийг орос хэлэнд хоёр зуугаад жилийн өмнө сунжран орсон нь хятадын гуа мянь гэдгийг монгол гоймон болгосон шиг хоёр хэлний соёл түүхэн харилцаа болохоос биш, “дэлхий нийтийн” нэр биш юм шүү! Европт наад зах нь мажар (унгар улс) францын мажор минор гэдгийг “дур хангнем, молл хангнем” гэдэг. Хятад, Вьетнам бас өөрийнхөө хэлээр нэрлэдэг нь, монголын арга эгшиг, билэг эгшиг гэсэнтэй орчуулга нийлдэг тул, бүх Азийн олон улсыг, мөн европын нэлээд олон улсыг н.Дамдинсүрэнгийн томьёоллоор “хөгжмийн соёлт дэлхий нийтийн” улсын тооноос шууд хасахад хүрэх юм байна. Хэлийг нь мэдэхгүй улс бүхнийг “дэлхий нийтээс” хасаад байвал, миний “дэлхий нийт” арван хэдэн улс, н. Дамдинсүрэнгийн дэлхий нийт нэгийн зэрэг улс болоход хүрэх юм байна. “Дэлхий нийтийг” тийм хэмжээгээр үзэж арай болохгүй байх. Сүүлийн хэдэн зуун жилд монголчууд шанз гэхээс шударга гэж бичсэн үүнд, дэлхий нийтийн соёлт улс, бичгийн хэл, бичгийн хэлний толь баримталдаг ёсоор үзвэл, 18 дугаар зуунаас 1957 он хүртэл гарсан монгол хятад толь бичиг, монгол хятад европ толь бичигт шударга гэдгийг хятадын сяньцза гэдэг үг мөн гэж байдаг үүнд, Хүрээ, Улиастай, Хиагтын наймаа хотын бичиг үл мэдэх монгол хүүхнүүд сяньцза гэдгийг шанз гэж хятад үг сунжруулан дууддаг байжээ. Хүрээний наймааны монгол хөгжимчин эмэгтэйчүүдээс цэнгэлдэх хүрээлэнд хөгжимчнөөр ирээд сяньцзыг шанз гэж байсан хэрэг. Найнай тайтай, дааеэ зиэзиэ,мэймэй гэх зэргээр монгол үгийн оронд хятад үг хэрэглэдэг байсныг Хүрээний наймаа хотын монгол аман аялгуу гэж монголч эрдэмтний бичсэн номд байдаг. Тэгж ч байсан хэрэг. Одоо ахай, авгай, эмээ, хөгшин аав, эгч, дүү гэж монголоор хэлдэг болсон. Тэгэхэд сяньцзыг шанз гэж байснаа монголоор шударга гэхийг бас ч буруушаах зүйл биш, нийтээр бичигтэй боловсролтой болсон санж. Орост саяхан болтол гадаадаар нэрлэж байсан үгээ соёл хөгжиж техникт самоход, самокат, самолет, вертолет, пулемет, хөгжимд торжественно, величьвоживо гэх зэргээр хэрэглэдэг болсон нь бүтээсэн үндэстний анхны нэр томьёо өөрчлөгдөхгүй гэж Н.Дамдинсүрэнгийн үздэгтэй арай нийлэхгүй өөр зарчим байдгийг гэрчилж байна. Жишээ нь: дарийг анх хятад бүтээжээ, шаазанг анх хятад бүтээжээ, торгыг бас хятад анх бүтээжээ. Их бууг анх хятад бүтээжээ. Ном хэвлэхийг анх хятад бүтээжээ. Луужинг анх хятад бүтээжээ. Цаасыг анх хятад бүтээжээ. Дэлхийн олон улсын хэрэглэдэг тооны тэмдгийг анх энэтхэг бүтээжээ. Тэгийн тэмдгийг анх энэтхэг бүтээжээ. Гэтэл, дэлхийн соёлт улс бүхэн, түүний нь авахдаа, хятад энэтхэгээр хэрэглэсэн улс бараг байхгүй...
Дамдинсүрэнгийн зэрэг хөгжмийн зохиолчид, зүй нь хөгжмийн монгол нэр томьёог улам сайжруулах гэвэл, тогтоох өөрчлөх бүрэн эрх бүхий улсын нэр томьёоны комисст саналаа оруулж, монгол хэл бичгийн мэргэжилтэй, комиссын гишүүдтэй хамт хуралдан хэлэлцэж,зарим нэг нэр томьёог үнэхээр тохироогүй бол, комиссоор хэлэлцүүлбэл зохих юм. Тэгвэл “дэлхий нийтийн нэр томьёо” гэж баримтгүй хоосон сүр бадруулснаас дээр болох бий.
