
Монгол хэлний судлалд туслана уу
РИНЧЕН-Хэлний шинжлэлийн доктор профессор академич.“Пионерийн үнэн” , No.11, 1968.3.13
«Пионерийн үнэн» сонин уншигч олон багачууд аа! Манай Хэл зохиолын Хүрээлэн одоо угсаатны судлал-хэлний шинжлэлийн атлас гаргах гэж, түүнд орох зүйлийг бүртгэн судлаж байна. Энэ атлас манай эрдэм шинжилгээний ажлын нэн чухал зүйл ньюм. Одоогоос дөчин нэгэн жилийн өмнө зэвлөлтийн нэрт монголч эрдэмтэн академич Владимирцов,ийм атлас нэгэн цагт гаргахыг зорилго болгох ёстой юм шүү гэж намайг монголын судлалын дээд сургууль төгсч байх үед захисан нь, одоо сая тийм атлас үүсгэн хийх хүч бололцоо бүрдэж байгаа хэрэг. Тэр атлас тус улсын нутагт түүх сударт тэмдэглэгдсэн үеэс одоо хүртэл ямар ямар улс угсаатан оршин сууж, ямар овогтон байсныг түүх шастираас тэмдэглэн үзүүлж, одоо тэр эртний олон улс аймаг, овог яснаас юу юу нь хаа хаа байна гэдгийг бүртгэж, газрын зураг дээр үзүүлэх юм. Тэр нь бол монгол ардын анх яаж үүссэн, ямар хэл аялгуутай байсан, тэр нь одоо хүртэл яаж хөгжсөөр ирсэн байдлыг судлахад маш чухал болох юм. Атласын тэр мэдээ цуглуулан бүрэлдүүлэхэд,“Пионерийн үнэн” сонины найман түм гаруй идэвхтэн уншигч та нар, бичиг үсэгтэй тул маш их үүрэг гүйцэтгэж, манай эрдэм шинжилгээний ажилд тун их тус хүргэжчадах аугаа хүчин даруй мөн гэж, өтгөс миний бие, та бүхний тусламж туйлын иххүсэж байна. Манай ямар аймгийн ямар суманд нь ямар овог байдгийг ахмад настнаас сураглан тэмдэглэж, Хэл зохиолын хүрээлэнгийн Атласынханд гэж хаяглан ирүүлмүү!
Овог гэж юу вэ? гэвэл, одооны хэрэглэж байгаа эцгийн буюу эхийн нэр огт биш, эрт язуур цагаас уе улиран хэрэглэсээр, яс дагаж залгамжлах нэгэн зуйл нэр болно. Жишээлбэл, Боржигин, Шарнууд, Харнууд, Баатад,Олхонуд, Булгадар, Найман Хэрэйд Хуулар, Соён Мэрхид, Хуучид, Сөнид, Онход,Хариад, Чонод, Бодонгууд, Хуацай, Гучид, Урианхан, Хатгин, Бурууд, Хасна,Холдиг, Шангас, Хошууд гэх мэт болно. Овох гэдгийг зарим газар овог, гэдэг, Заримгазар яс гэдэг, зарим газар алкэн гэдэг, зарим газар холо гэж нэрлэдэг ч бий,бас эцэг гэж ч нэрлэдэг ёс бий. Үүнд; та нарын тэмдэглэсэн овгийг овог гэнэ үү,хала гэнэ үү, элкэн гэж нэрлэж байна уу гэдгий нь бас тэмдэглэлцэж байвал маш сайн. Отог гэдэг нэр гарах бий. Ямар отог гэдгий нь сураглан тэмдэглээрэй.
Хуучин ямар аймаг хошуу гэж эзэрхэгийн үед нэрлэж байсан нутагт байгаагий нь бас чадвал тэмдэглэхэд хэрэгтэй. Нэг овог дотор бас ялгадаг юм байж магадгүйг суран асуугаарай. Жишээ нь Хуулар гэхэд дотроо Хар Хуулар, Цагаан Хуулар, УлаанХуулар гэж байх, мөн Хиргис овог дотор Хар Хиргис, Шар Хиргис, Намиад овогдотор Хар Намиад Шар Намиад гэх зэрэг ялгадаг зүйл байж болно. Тэр бүгд нь түүхийн үүднээс маш чухал зүйл. Ийм тэмдэглэл хийхдээ, сүүлд нь өөрийнхөө нэр,ямар аймаг сумын ямар сургуулийн сурагч пионер болохыг, бүл гэм зэргийгтодорхой заан бичилцэж, хаягаа маш тодорхой бичиж өгөөрэй. Атласыг хэвлэн гаргахдаа нэрийн бүгд хэлхээ гэдэгт нь тэр атласт мэдээ ирүүлсэн бүх хүнийнэрийг жагсаан бичиж, хамт олны хүчээр зохиож буй тул, хамт олон зохиогчийн нэрийн тоонд тэр атласт чухал мэдээ сурвалжилсан хун бүгдийн нэр орох юм. Бас та бүгдийн тэр яаягаар захиа бичиж, та нарын сурвалжилсан мэдээний зүйл дотор онц чухал юм байвал, дэлгэрүүлэн сурвалжлуулах асуудал ч гарч болох юм. Олон та бүхний энэ сонины хуудсанд та бүхнээр сурвалжлуулан магадлах асуудлаа хойшид бичиж байх болно.
Тэхэд, түрүүчийн асуусан зүйлд ганцнэг мэдээ сонссоноо бичиж өгөөд, одоо зүйл дууссан гэж орхидог ёс, шинжлэх ухааны судалгаанд байдаггүй юм. Тийм учраас манай хүсэх асуултын зүйлийг тусгай нэг бяцхан тэмдэглэлийн дэвтэрт буулгаж аваад. юм мэдмээр хүнтэй уулзах тухай бүр урд манай атласынханд хариу бичиж өгсөн эүйлдээ бас нэмэн сурвалжилж болох юу байна гэж ахин дахин сураглан сурвалжлаж байх юм шүү! Та нарын дундаас хожим бас шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэн гарах нь лавдуу хэрэг. Тэхэд, багаасаа шинжлэх ухааны сурвалжлагаа хийж залхуугүй сураг тавьж бас юу гарч магад гэж нарийн няхуу, нямбай хичээнгүй ажиллаж сурахад тань, манай энэ атласт мэдээ сурвалжлах ажил бас нэр ёсны дадлагын ажил болж өх юм шүү! Танай сумын биш, өөр нутгийн юм их мэддэг өндөр настан өтгөс дайралдвал, тэр хүний мэддэг аймаг сумын хэмжээгээр өөрийнхөө сум нутагт сурвалжилж байгаа зүйлээс тэр хүний мэддэг аймаг суманд юу байдгийг бас асуун мэдээд, тэндэхийн тийм хүн хэлж өгсөөн гэж гэрчилгээ болгон тэмдэглэх хэрэгтэй.
Шуудангаар явуулсан эдгээр мэдээний эх тэмдэглэлийг хаялгүй хадгалж байгаарай. Хожим хэрэг болно. Шуудангаар хүрэлгүй үрэгдсэн байвал, эх тэмдэглэлээсээ дахин хуулан явуулах хэрэг гарч болзошгүй. Манай атласт сурвалжлан хэрэглэх зүйл тун олон бий. Цөм манай ард түмний соелын их өвийн түүхтэй холбогдолтой бөгөөд монголын судлал гэдэг шинжлэх ухаанд маш чухал зүйл болно. Хожим, энэ атлас гарч гүйцсэн хойно, та нарын дотроос монголын угсаатны зүй гэдэг ухаан угсаатны судлал гэдэг ухаан хэлний шинжлэл гэдэг ухааны эрдэмтэн болоод, тэр атласын дотор багтсан мэдээ баримтаар их нээлт хийж, олон сонин ном бичих хүн гарч болзошгүй. Тэр цагт, анх зохиоход нь би пионер байж, зарим мэдээ сурвалжлаж байсан юмаа. Миний нэр хүртэл бүгд хэлхээнд нь бий гэж үзэж байхад сонин сайхан байх бий.
