
Монгол за-Андагаар буй за!
Ринчен доктор “Залуучуудын үнэн” 1968.4.2
Манай монгол утга зохиолын, дээр эртний нэгэн дурсгал, арван гуравдугаар зууны үеин Монголын Нууц Товчоо гэдэгт нэгэн сайхан цэцэн үг бий нь манай эртэс дээдсийн эл сайн сайхны эрмэлзлэл боловсрол төгрийг гэрчлэн одооны биднийг, түүнийг мөн эрхэмлэгтүн гэсэн утга бүхий өндөр соёлт түмний цэцэн үг болно. Тэр үг бол,
Монгол за-
Андагаар буй за!
Андагаар гэж тангараг гэсэн үг. Андгай, андагаар, тангараг гэж утга ойролцоо хэдэн үг манай баялаг хэлнээ буйн нэг баримт даруй мөн. Саяхи цэцэн үгийн учир утга нь сүрхий гүнзгий: бидний монголчууд, нэг л за гэвэл, даруй ам тангараг, андагаар шахаан өргөсөнтэй адил- гэсэн утгатай бөгөөд, хүнд юм амлабал, за гэсэн чинь цаад хүний өмнө ам өгснөө заавал биелүүлж байх ёстой! гэсэн дээд боловсон зарчим ёс манай өвгөд дээдэст байжээ!
Энэ бол, өөрийн биеийг нэнд хүндэтгэж, хамаагүй юманд худлаа за гэж болдоггүй гэдгийг эртэс дээдэс маань нэвтэрхий нарийн мэддэгийн гэрч ээ! Өрөөл хүнийг хүндэтгэж, түүнд худлаа хуурмаг за гэж залилж болохгүй, нэгэнт за гэвэл, хэлсэн үгэндэээзэн болж байх учиртайг заажээ. Тэгээд л ирэхэд, за гэж ам нээхийн өмнө тэгж хэлж болох нөхцел бололцоо байна уу? Хүнийг эа гэж итгүүлээд, тэр за гэсэндээ эс хүрвэл, сайн сайхны ёсонд таарахгүйг мөрдөх дүрэм, журамлах ёс болгосон нь хүний итгэлийг эвдэхгүй, тэр за гэсэнд нь итгэсэн хүний цагийг, хөдөлмөрийг, горьдлыг үрэгдүүлэх тэр за гэсэнд нь итгээд, түүнээс үндэслэн ажил байдалдаа төлөвлөгөө төсөл зохиохы нь хүсэрдүүлэхгүй гэсэн боловсон сайн сайхан зуршил байгаа нь манай өвгөд дээдсийн өндөр их соёлтойн нэгэн сайхан гэрч даруй мөн.
Цэцэн мэргэн билэгт манай яруу найрагч ард түмний уртын сайхан дуунд «Эр бор харцага» гэдэг нэгэн сайхан дуу бий. Түүнд, идэр залуу насаа даанч арчаагүй өнгөрөгдгийг гунин өгүүлсэн үг бол өвгөд дээдсээс хойч үеийнхэндээ сургаал болгосныг дурдаж, цаанаа гүн ухааны утга сургаал бүхүйг цухас тэмдэглэн хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж ардын маань цэцэн үгэнд байдаг нь их л учиртай, багаасаа сайхныг эрхэм болгохыг хичээ гэж дүгнэсэн сургаал үгийг дурдалтай.
Орь залуу насны хүн, алтан дэлхийд амьд явахдаа, оюун төгөлдөр хүн болсон хэргээ бүтээж, ямар ч ажил хийж, яаж ч аж төрсөн нийгэм олондоо үр бүтээлтэй, улс ардынхаа соёл боловсролд нэмэр оруулж явахыг эрхэм зорилт болгогтун гэсэн утга бүхий эдгээр өтгөс дээдсийн мэргэн сургаал одоо үеийн залууст нэн чухал болж байна.
Сайн сайхныг эрхэм дээд болгох гэдэг нь, юм бүхэнд сайн сайхныг туйлын нандин болгонүзэж ажил хөдөлмөр хийхдээ ч сайн сайхнаар хийхийг мэрийн хичээж, хүнтэй харилцахдаа ч сайн сайхныг дээдлэж, нөхөр ханьтай, ажил төрөл нэгтэй хүнтэйгээ ч харилцах, хүч санаа нийлэхдээ сайн сайхныг дээд эрхэм болгож, байгалийг ч үзэхдээ сайн сайхны нь бахдан үзэх, хайрлан хамгаалах мэдэл ухаантай болох, урлагийн зүйлд ч сайн сайхны нь танин бахдаж, түүнд нь цэнгэлдэн баясах, шинжлэх ухааныг эзэмшин оролдохдоо ч түүний сайн сайхны нь бахархан амтархаж, еөрийн болоннийт олныхоо хүртээл болгохыг эрмэлзэх ухаан мэдрэлтэй болох учиртай байна. Тэгвэл, сая хүн боловсон хүн, гэдгийн тоонд орж, орчин үеийн боловсролтой болно.
Ингэж юм бүхэндээ сайн сайхны эрхэм зорилт эрмэлзлэлтэй болсон хүн орь залуугийн наснаас аваад улам цаашдаа идэр насны ухаан хүчин дэлгэрсэн цагийн туршлага мэдлэг бүрдсэн үедээ, цаашаа өтлөх насанд хүртлээ цагаа дэмий үрэхгүй, өмнөө тавьсан сайхан чиг зорилготой болж ирнэ.
Тэгээд ирэхдээ, байгалийн сайхныг бахаддаг хүн алтан дэлхийн аль ч енцөг буланд явсанөөрийн төрсөн нутгийн сайн сайхныг бусад газрынхтай жишин бодож, урьд ажаагүй сонин сайхан юм нээн үзэж, бахдан баярлаж явах болно. Тэгээд ирэхдээ, сайхан мод хараад, дэмий огтлон эвдэж, сайхны нь сүйтгэхгүй, байгалийнхаа үзэсгэлэнг эвдэн гутаахгүй болж ирнэм бөгөөд тийм сайхны нь сэтгэл сэргэн үзэхдээ, билигүүн нүд нээгдээгүй хүнтэй адил, үзэмжит байгалийн дунд архи дарс уун согтуурч, дэлхийн гоо үзэсгэлэнг бузарласан гэрч болох эвдэрхий шил, мах, жимсний лаазыг хог новш болгон орхиж сайхан байгалийг бузарласан, бүдүүлэг амьтан энд согтууран «цэнгэжээ» гэсэн шившигт гэрчийг үлдээхгүй, архинд согтууран «жаргахыг» эрхэм дээд болгохгүй болно. Хөгжим, уран зурагт бахаддаг, түүний сайн сайхныг эрхэм дээд болгодог хүн, тамхины утаа манан болсон гуанзанд сууж архины аягүй үнэр ханхлуулан, хайран бие, хайран цагаа барж сулдайн согтуурахгүй, гоо сайхны эрхэмд цэнгэлдэн бахдаж, амрах цагтаа оюун сэтгэлийн сайхан цэнгэлээр сэтгэл адил нөхөдтэйгээ жарган амрах болно.
Огт үр ашиггүйгээр цагаа өнгөрүүлэхгүй, сайхан ном үзэх буюу сайхан бүжиг жүжиг үзэж, зсвэл байгалийн сайханд эрүүл агаарт зугаацан амрах мэдрэлтэй болно. Ажил хийхдээ ч, амрахдаа ч ажил амралтандаа сайн сайхныг эрхэмлэхийн үүднээс, юм бүхэн нь сайн сайхан байх болно. Сайн сайхны үүднээс өөрийнхөө биеийг хүндэтгэж сураад, түүний улмаас өрөөл хүний биеийг хүндэтгэж, түүний цагийг үрэгдүүлэхгүй, хөдөлмөрийг үрэгдүүлэхгүй алинд нь сайн сайхан нөхцөл бүрэлдүүлэхийг эл сайн сайхныг эрхэмлэн дээдлэдгийн үүднээс бодох бодол мэдрэл төрөх болно.
Одооны манай олон залуучууд ард түмнийхээ аль сайн сайхан ёс улам өндөр их соёлт түмнийхээ тэр эрхэм өв соёлын дээжий нь эзэгнэн бадруулахдаа, Монгол за-Андагаар буй -заа! гэдгийг эртэс дээдсийнхээ адил нарийнчанд журамлан баримталж, өөреө өөртөө юм суръя, юм хийе гэж зорьсон бол, тэр нь бас л өнөө л монголын за мөний тул, андагаар буй заа! гэж өрөөл хүнд ч за гэсэн, өөртөө ч тэгье гэсэн нь за гэдэгт багтах тул, заавал биелүүлэн гүйцэтгэх ёстой гэдгийг бодож явахыг эрхэмлэн дээдлэх нь эртэс дээдсээс маань уламжлан ирсэн сайхан ёс бөгөөд, энэ тухайд ах нь хэлдэг дүү нь сонсдог гэгчийн ёсонд ч нийцэн, өнөөдөр дүү байсан тануус, хожим нэгэн цагт өөрсдөө ах болохдоо дүү хүндээ сайн сайхан уламжлалаа хэлэн сургах цаг нэгэнт хүрэлцэн ирэхийг бодох хэрэгтэй.
